Monday, May 19, 2008

Цагаачлалын баривчлагаа

Поствилл, Айова муж -
Кошер мах боловсруулах үйлдвэрийн 400 орчим цагаач ажилчдыг Цагаачлалын албанаас баривчилсан байна. Энэ нь Америкийн түүхэн дэх хамгийн том хэмжээний баривчлагаа бөгөөд Улсын Аюулгүйн Албаны нисдэг тэрэг болон тээврийн хэрэгслүүд бүхий зэвсэглэсэн хүчин энэхүү 2600 хүн ам бүхий жижиг хотын кошер мах бэлтгэдэг үйлдвэрийн үйл ажиллагааг зогсооход хүргэсэн төдийгүй уг хотын амьжиргааны тогтвортой байдлыг алдагдуулахад хүргэж байна хэмээн хотын оршин суугчид эсэргүүцэж байна. Энэ үйлдвэр нь улсын кошер мах, махан бүтээгдхүүний 50%-ийг хангадаг бөгөөд энэ баривчилгааны улмаас уг төрлийн махан бүтээгдхүүний хангамж буурах, үнэ нэмэгдэх магадлалтай.
Энэ баривчилгаа нь зэргэлдээх мужуудын мах боловсруулах болон бусад хүнсний үйлдвэрүүдэд ажиллахаар олноор ирж буй цагаачдын хувьд түгшүүрийн дохио болж байна.
Баривчилгаа болсон газраас холгүй түр зуурын олноор хорих лагерь барьсан дүр зургийг хэвлэл мэдээллээр цацсаны дараа баривчилгаа цаашид ч үргэлжилнэ гэсэн яриа тархаж байна. Баригдсан цагаачдын 389-ийг шалгаж 306 -д нь хуурамч бичиг баримт ашигласан ял тулгаж хууль бус цагаачдыг ажиллуулсан үйлдвэр аж ахуйн удирдлагыг шалгах ажил явагдаж байна. Уг үйлдвэрийн 970 ажилчдын 80% нь хуурамч бичиг баримт хэрэглэсэн болох нь цалингийн бүртгэлээс харагдаж байна гэжээ. Пүрэв гаригт ажиллагсдын нэрийн өмнөөс уг үйлдвэрийг ажилчдад хуурамж ID олгосон, мөн Аюулгүйн Албаныхан баригдагсдыг зүй бусаар хориж шалгасан гэсэн гомдол гарган Шүүхэд өргөн барьжээ. Компанийн захиргаа хэлэхдээ цаашид шинээр ажилчин авахдаа Улсын бүртгэлтэй электрөн бүртгэлийн систем хэрэглэхээ мэдэгдэж баригдсан ажилчид, тэдний гэр бүлийнхэнд харамслаа илэрхийлсэн гэнээ.
( Кошер мах - jewish шашны мал нядлах дэг жаягаар бэлдсэн мах )

Chicago Tribune
5.19.2008

Авто машинаа хураалгах явдал ихэсч байна.

Америкийн эдийн засгийн хүндрэлийн улмаас авто машины зээлийн эрсдэл сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар " JJ Repo Man" хэмээх жижиг бизнес эрхлэгч Жон Андерсон 100 гаруй машин хураах захиалга авснаа ярьж байна, тэрээр хэлэхдээ ихэнх зээлээр машин худалдан авсан хэрэглэгчид "Төлбөрийн чадваргүй болсон тул машинаа ирж хурааж ав" гэсэн бичиг ирүүлэх болсон байна. "Эдгээр хүмүүс машиний зээлийн төлбөр, даатгал, өндөр үнэтэй шатахуун энэ бүгдийг төлж дийлэхгүйд хүрснээс машинаа хураалгаж байна, тэдний 75% нь хувийн байшингаа ч алдаж байгаа, энэ бүгд зах зээлийн замбараагүй, найдваргүй байдлыг үүсгэж байна" гэж тэрээр ярьж байлаа.
Зээлээр худалдаж авсан хувийн байшингуудийг хураах явдал орон даяар ихэссэнээс Засгийн газраас 300 сая долларын хөнгөлөлт үзүүлсэн боловч авто машины зээл уналтанд орсоор байна. Энэ жилийн байдлаар машин хураах явдал 10-15% ихэссэн нь өнгөрсөн жилийнхтэй ойролцоо байгаа бөгөөд хэрэглэгчид байшингаа авч үлдэх үү машинаа авч үлдэх үү гэсэн байдалд хүрсэн төдийгүй аль алийг нь төлж дийлэхгүйд хүрсэн нь олон болсноос авто машины дуудлага худалдааны зах хураагдсан машинаар дүүрсэн байна.
Америкийн Банкны Холбооны судалгаагаар авто машины зээллэгээ төлөлгүй хаях үзэгдэл өнгөрсөн оны сүүлийн улиралд 3.13% буюу түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Уг Холбооны ажилтан Керол Каплан хэлэхдээ " Үүний цаана юу болоод байгааг харах нь зүйтэй, хүнсний бүтээгдхүүний үнийн өсөлт, ажлын байрны дутагдал, шатахууны үнийн өсөлт, үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт, энэ бүхэн нийлээд таагүй байдлыг үүсгэж байна" гэжээ. Өнгөрсөн жил автомашины хураагдал 1.51 саяд хүрсэн бол энэ жил 1.6 саяд хүрэх төлөвтэй байна.
Хувийн байшингийн үнэ унах тусам авсан зээлийн хэмжээ нь байшингийн үнээс доош унах болсноос олон иргэд байшингаа хураалгаж байгаагийн адил автомашины зээл нь хэр урт хугацааных байна тэр хэмжээгээр өндөр хүү төлөгдөх болдгоос ашиггүй зардал болдог байна. Аливаа машин авсан өдрөөсөө эхлэн өртгөө алддаг бөгөөд жил ирэх тутам унах уг машины үнээс давсан хэт урт хугацааны зээл авах нь санхүүгийн хүнд байдалд ороход хүргэж байна гэж санхүүгийн мэргэжилтнүүд хэлж байна..

Sunday, April 27, 2008

Mongol hun

ГЭМШИЛ

Төрүүлж өсгөсөн эх эцгээ дээд тэнгэртэй зүйрлэж элбэрэл ачийг нь хариулах учиртайгаа дуу шүлгэндээ тэрлэж, бурууг зөвтгөж зөвийг буруутгаж цэц булаалдах хэрнээ аав ээжийгээ амидад нь ачилж хөлийг нь хучиж амьсгаа хураах мөчид нь толгойг нь түшиж суух хувьтай хүмүүн чухам хэр олон бол?!
Аж амьдралын мөр хөөж, "аз жаргалын" эрэлд мордож, эрээд олдохгүй "эрдэнийг" сураад олдохгүй "сувдыг" харийн нутгаас далайн чанадаас олж ирэхээр мордсон бидэн хүний газар гүний нутагт үсээ цайж үеэ өнгөртөл сууж нуруугаа бөгтийж хуруугаа хөштөл ажиллавч, эдлээгүй бүхнээ эдэлж идээгүй бүхнээ хүртэвч, энэ биений “мөнхийн” хүслийг гүйцээж эрлийн эцэст хайсан эрдэнээ олохоо болиод, эргэж ирнээ гээд орхисон ээж ааваа эрээн мяраан эд, ногоон мөнгөөр хуурч, хүний газрын өнгө мөнгөнд шүтсэн хүсэлдээ хүлэгдэн эх нутгаа зорин ээждээ эргэж очихоо умартан, "аргагүйн эрх" амьдралын бэрхээр шалтаг хийвч, өөрийгөө зөвтгөн өрөөлтэй барьцан өнөөдрийг аргацаавч хожмын нэгэн өдөр хожуудсан тэр л мөчид хайсан тэр жаргал нь хаахна байсныг харах бизээ, гэмшил ухаарал хур болон буух агшинд амьдралын утга учир аз жаргал гэдэг хүний нутгын хатавчинд бус алдхан биений чинь амин газар, аав ээжийн чинь баярын магнайд, алаг үрсийн чинь хүлээсэн сэтгэлд, монгол хүний чинь хийморь лундаанд байдгийг ойлгох буюу.


УХААРАЛ

Ухаарал гэдэг түмэн лангийн үнэтэй буюу.
Хүний юм бүхэн л сайхан санагдаж, харийн оронд л жаргал байгаа харагдаж, чухам тэр л дутаад байгаа бүхнийг олж авахаар өөрт байгаагаа үрж зарж, өрөөл нэгнээс зээлж гуйж, үр хүүхдээ бэтгэрүүлэн, хань ижлээ орхиод, элэг бүтэн айл гэрийн амин жаргалаа хугаслан, эрүүл бие залуу нас хамаг бүхнээ золиослоод харийн нутгийг зорин одсон бидний цөөхөн монголчууд хүний газрын шороон-түмэн дунд атга арвай шуудай будаанд холилдон далдрах шиг түүхийн он тооллоор бол нүд ирмэхийн зуур уусан шингэх авай.

Хүний нутаг гайхмаар, шил толиор гялалзаж, тэнгэрт тулсан барилгууд нь, толь шиг дардан зам нь, тансаг орд харш, цэцэрлэгүүд нь хараа булаам донжтой ч үзээд өнгөрөхийн төдийд хүртээлгүй буюу үүрээд харихгүйгээс хойш үнэгүй буюу. Гялбаж гайхуулсан өнгө гэрлийг нь гэтэлвэл, дэлхийд бардамнасан хөгжлийн нь ар луу нэг өнгийвөл хүний ертөнцийн эгээ л үнэн дүр төрх муугаа нуусан буруугаа булсан хөшигний нь ард буйг олж харах болой.



Алхах гишгэх бүр нь мөнгөөр хэмжигдэх ертөнцөд аав ээжийгээ ачлах үүрэг бус хуулийн дагуу такс төлөх үүрэг амьдралынх нь утга учир болон уураг тархинд нь зоогджээ. Эцэг эхээ гэх сэтгэл нь тэдний мөнгөөр хэмжигдэнэ, үр хүүхэд бус албан тушаал, зэрэг зиндаа чухал. Ядарсан ядуурсан давхарга нь хоол тараах цэгт дугаарлаж хүний хаясан хуучнаар амьдрал залгуулж гадаа хонож гандаж явахад ялзартлаа баяжсан тарган шарууд нь өөрсдөө төөрдөг олон давхар харшдаа зарц тогооч, жолооч хөлслөн мөнгө л үржүүлэхийн төлөө төрсөн мэт ханаж цадахыг үл мэдэн ертөнцөөс ангид цатгалдан суумуй. Саятан эмгэн 20 сая доллароо нохойдоо өвлүүлэн үлдээж, баян айлын муур ноход нь тусгай дэлгүүр, эмнэлэг, парк, усанд сэлэх газар, зоогийн газраар үйлчлүүлж, Холливудын хэдэн жүжигчид нь архи хар тамхинд мансуурч, улс төр хөөсөн томчууд нь авилгал, донд автаж, энэ бүхний үр дагаврыг дундаж иргэд нь үүрнэ.

Цагаан арьстан дээд давхраанд тооцогдож, хар арьстан, ази, латин америкууд хар бор ажлыг нь нугалж, арьс өнгөөр ялгаварлахгүй хэмээн цаасан дээрээ бичивч америк орон даяараа арьсны үзлээр ханхлана. Цагаан гартнууд хар ажил хийх учиргүй мэт, гэтэл үсрэнгүй хөгжил нь зогсонги болоод ирэхээр цагаачдаас боллоо, тэд бидний ажлыг булаалаа гэх, цагаач нь хэн бэ гэхээр нутгийн индиануудаас бусад нь бүгд цагаач гэлтэй, тиймийн учир хууль ба хууль бус цагаач гэх тодотгол хэрэглэнэ. Аль ч үеийн бай цагаачдын л хүч, ухаанаар барьж босгосон нийгэм өнөөдөр олонхи нь цөөнхдөө үйлчилдэг, хууль ёсны мөлжлөгийн машин болжээ.

Friday, March 28, 2008

"Дэлхийн цаг" тэмдэглэх тухай

3 сарын 29-ний Бямба гаригийн оройн 8 цагт дэлхий даяар 1 цаг гэрлээ унтрааж "Дэлхийн цаг"-ийг тэмдэглэх гэж байна. Энэ нь Дэлхийн байгаль орчныг хамгаалах олон улсын байгууллагаас дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдлыг бүх хүмүүст анхааруулж, үүний эсрэг нэгдмэл хүчээр тэмцэх зорилгоор зохион байгуулж байгаа арга хэмжээ ажээ.
Уг хөдөлгөөн нь өнгөрсөн жил Австрали улсын Сидней хотын иргэдийг гэрэл цахилгаанаа 1 цагийн турш унтраахыг санал болгосноор эхэлсэн бөгөөд 2007 оны 3 сарын 31-нд уг хотын 2100 гаруй бизнес, 2,2 сая иргэд гэрлээ унтрааж идэвхитэй дэмжсэн байна. Тэр бүү хэл уг хотын бэлэг тэмдэг болох Харбор Гүүр болон Сиднейн Дуурийн Театр хүртэл гэрэл чимэглэлээ унтрааж харанхуй болсон байна.
Олонхи улс орнууд, томоохон хотууд цахилгаан эрчим хүчээ нүүрсээр ажилладаг Цахилгаан станцуудаас авдаг нь агаарыг бохирдуулах үндэс болдог бөгөөд хэрэв дээрхи 1 цагийн хэмнэлтийг бүтэн жилийн хугацаанд баривал тэр нь 48616 машиныг зогсоосонтой тэнцэх хэмжээний бохирдлыг бууруулах үр дүнтэй байх юм гэж дүгнэжээ.
Уг арга хэмжээ энэ жил өргөжин олон улс орнууд оролцохоор нэгдсэний дотор АНУ, Канад, Дани, Израйл, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг орнууд орж байна. Чикаго хот тэргүүлсэн Америкийн хотуудын дотор Атланта, Финекс, Сан Франциско хотууд санал нэгдэн оролцож байна. Иргэд хувь хүмүүс уг Earth Hour website-д бүртгүүлж энэхүү дэлхий нийтийг түгшээж буй дулаарал, агаарын бохирдлыг бууруулах хөдөлгөөнд гар бие оролцох бололцоотой юм. Одоогоор 240 мянган хүн оролцохоо илэрхийлэн бүртгүүлээд байгаа бөгөөд үүний дотор Дуучин Нелли Фуртадо, Fall Out Boy хамтлаг, болон Phoenix Suns, Chicago Cubs багууд оржээ.

Амьсгалах агаар, амьдрах дэлхийгээ хамгаалцгаая!

http://www8.earthhourus.org/

Tuesday, March 11, 2008

Hate groups, crimes up

ИЛТГЭЛ : ҮЗЭН ЯДАГЧ БҮЛГҮҮД , ГЭМТ ХЭРЭГ ӨСЧ БАЙНА

NEW YORK - Цагаачлалыг эсэргүүцсэн үзэл бодол нь улс орон даяар Үзэн ядагч бүлгүүдийн тоо нэмэгдэхэд хүргэж, Латино голдуу цагаач иргэдийн эсрэг гэмт хэргийн хэмжээ ихсэхэд нөлөөлж байна гэж ажиглагчдын групп мэдээлжээ.
Өмнөд мужуудын ядуурлын эсрэг Хуулийн Төв нь "Үзэн ядалтын жил" нэртэй илтгэлдээ 2000 онд 602, 2006 онд 844 байсан үзэн ядагч бүлгүүдийн тоо өнөөдөр 888 болоод байна гэж тэмдэглэжээ. Энэ жагсаалтанд нэмэгдсэн байгууллага бүлгүүдээс хамгийн томоохон нь болох FAIR буюу Америкийн Цагаачлалын Шинэчлэлийн Холбоо нь үзэн ядагч нэр зүүлгэсэнд дургүйцэж дээрхи Хуулийн Төв нь цагаачлалын талаарх хууль ёсны зөрөлдөөнийг мухардуулах зорилгоор болхи арга барил хэрэглэж байна хэмээн эсэргүүцсэн байна. Уг төвийн лоозун "Үзэн ядалтыг зогсооё!" биш "Зөрөлдөөнийг зогсооё!" гэсэн утга агуулж байна гэж FAIR -ийн тэргүүлэгч Дан Стейн хэлжээ.
Уг илтгэлд цагаачлалын эсрэг хөдөлгөөн ба үзэн ядагч гэмт хэргийн өсөлт хоорондын хамаарлыг Мөрдөх Товчооны тоо баримтаар тодотгож 2006 онд латино иргэдийн эсрэг гэмт хэргийн золиос болсон хүмүүсийн тоо 819-д хүрсэн нь 2003 онд 595 байснаас ихээхэн өссөнийг тэмдэглэжээ.
"Цагаачлалын маргаан, санал зөрөлдөөн таагүй үр дүн дагуулж цагаан арьстныг дээдлэх үзэн ядагч бүлгийн тоо өсч Латино иргэдийн эсрэг гэмт хэргийн тоо нэмэгдэхэд хүргэлээ" гэж уг Төвийн захирал Марк Поток хэлжээ.
Үүний зэрэгцээ хөндлөнгийн шүүмжлэгчид уг төвийн илтгэл дэхь тоо хэмжээ нь интернет чат , вебсайт төдийгөөс хэтрэхгүй хувь хүмүүсийг оруулж өсгөсөн тоо бөгөөд олон нийтэд учруулах аюулыг хөөргөдүүлсэн байна гэжээ.
Цагаачлалын Шинэчлэлийн Холбоо нь Хууль бус цагаачлалыг төгсгөл болгох, хууль ёсны цагаачлалд хатуу хяналт тогтоох чиг шугам баримталдаг бөгөөд өөрийн бодлогодоо "аливаа хувь хүний эсрэг шашин шүтлэг, арьсны өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах болон нэгийг нөгөөгөөс дээгүүр тавих бодлого явуулахгүй" гэж тусгасан байна.
Өмнөд мужуудын ядуурлын эсрэг Хуулийн Төв хариу болгосон тайлбартаа Цагаачлалын шинэчлэлийн Холбоог үзэн ядагч бүлгийн тоонд оруулахдаа уг төвийн 30-аад жилийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан, үүсгэн байгуулалцсан олон хүмүүсийн үзэл санаан дээр үндэслэсэн юм гэжээ.

Chicago Tribune March 10, 2008
David Crary

Wednesday, March 5, 2008

Эрүүл аж төрөх - хэрэглээний соёл

ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ БАГАТАЙ ГАЛ ТОГООНЫ САВ СУУЛГА

Сүүлийн үед үйдвэрлэлд нэвтэрч буй олон төрлийн технологиос хоол унд, эрүүл ахуйн хэрэглээгээр дамжин хүний биед хортой нөлөөлөл үзүүлэх химийн бодисууд илэрч анхаарал татсаар байна. Үүний нэг нь Гал тогооны сав суулганы аюулгүй технологи юм.
Бидний өдөр тутмын хэрэгцээ болсон гал тогооны сав суулгыг төрөл бүрийн материалаар, олон янзын арга технологиор хийж байгаагаас дараахи төрлүүдийг авч үзэе.

ХӨНГӨН ЦАГААН сав суулга нь хөнгөн авсаархан, хямд, амархан халдаг, түргэн буцалдаг гэх мэт давуу талтай хэдий ч халалтын явцад хоол хүнсний зүйл нь металтай урвалд орж хөнгөн цагааны давсыг үүсгэх ба энэ нь харааны согог болон Аlzheimer's гэж нэрлэдэг тархины санах байгууламжийн согог өвчнүүдийн эх үүсвэр болдог хэмээн үзэж, батлах нотлох тал дээр маргаантай хэвээр байна. Нийт гал тогооны хэрэгслийн талаас илүү нь хөнгөн цагаан материалаар хийгдэж байна.
Зөвлөмж: - зөвхөн шинэ ба шинэвтэр хөнгөн цагаан сав суулгыг хэрэглэх; хуучирч хонхойж гүдийсэн элэгдсэн байх тусмаа металын найрлага хоол хүнстэй холилдох аюултай байдаг байна. - хөнгөн цагаан сав суулганд хоол хүнсийг хадгалж нөөцлөхгүй байх; - хүчиллэг ихтэй хүнсний зүйлийг чанаж болгохоос зайлсхийх; улаан лоолийн нухаш дарш, нимбэг, давсалсан байцаа зэрэг давс, хүчил ихтэй хүнс нь металтай исэлдэх нь түргэн байдаг байна.

АНОДЖУУЛСАН ХӨНГӨН ЦАГААН нь хөнгөн цагааны хүчил үүсгэх замаар хатууруулж гаргаж авсан өнгөлгөөгөөр гадаргыг нь бүрж хамгаалсан байна. Calphalon гэсэн нэрээр худалдаанд байдаг энэ сав суулгууд нь сүүлийн үед ямар ч төрлийн хоол унд чанаж болгоход тохиромжтой, хор нөлөөгүй гэж тооцогдож байна.

ГАН (Stainless steel) буюу бидний нэрлэж заншсанаар никел сав суулга нь ганг хром ба никелтэй хольж зэврэхээс хамгаалсан гялгар хатуу гадаргатай метал болгон хийсэн бөгөөд хэрэглэхэд тохиромжтой аюулгүйд тооцогдож байна.
Зөвлөмж: төмөрлөг үстэй ширүүн сойз мэт хурц ирмэгтэй зүйлээр цэвэрлэж болохгүй, энэ нь гадаргууг нь гэмтээж хром, никелийн үртэс хоол хүнсэнд орохог хүргэх талтай. Никелээс харшил өгдөг бол мөн энэ савыг хэрэглэхгүй байх нь чухал.

ЗЭС сав суулга нь ган болон өөр ямар нэг гадаргуугаар өнгөлөгдсөн байдаг ба энэ нь зэсийн хольц хоол унданд орохоос сэргийлсэн хэрэг юм. (Манайхны зэс аяга, сав суулга сайн, зэс идэж байх нь тустай гэдэг ойлголт буруу байх нээ?)
Зөвлөмж: - Хүчиллэг, исгэлэн хоол хүнсийг удаан хадгахгүй байх; - хурц үзүүртэй ширүүн сойзоор үрж цэвэрлэхгүй байх; - өнгөлж бүрээгүй зэс сав суулга хэрэглэхгүй байх; - Никелээс харшил өгдөг бол мөн энэ савыг хэрэглэхгүй байх нь чухал.

TEFLON буюу наалддаггүй дотортой сав суулга нь хар бараан давхаргаар өнгөлөгдсөн байх ба яваандаа зурагдах буюу ховхорч эхэлдэг, ингэснээр химийн хорт бодис бүхий үртэс хоол хүнсэнд орж эрүүл мэндэд муугаар нөлөөлөх талтай. Мөн их өндөр температурт халаахад тэрхүү гадаргуу нь хортой утааг ялгаруулдаг бөгөөд энэ утаанд ойр байсан тоть шувуу хордож үхэж байжээ, тэхээр энэ нь хүний эрүүл мэндэд мөн хортой болох нь гарцаагуй юм. Канадын хуулиар энэ төрлийн сав суулгыг үйлдвэрлэх, худалдаалахыг хоригложээ.

ШИРМЭН сав суулга нь хүнд, зузаан бөгөөд цахилгаан илүү зарцуулах боловч хамгийн аюулгүйд тооцогджээ. Энэ нь мөн хүний биед хэрэгтэй төмрийг хоол хүнсээр дамжуулан авахад тустай байна.
Зөвлөмж: - зэврэхээс хамгаалахын тулд цэвэрлэсний дараа цэвэр ургамлын тосоор тосолж өгнө; - элдэв химийн найрлагатай цэвэрлэгч хэрэглэхгүй, хурц үзүүртэй зүйлээр ширүүн үрэхгүй байх; - угаасны дараа хуурай болтол нь арчаад тослож тавих;

CERAMIC and ENAMELED буюу бидний хэлж заншсанаар Паалантай сав суулга нь хуучирч ховхроогүй, сэвгүй бол хэрэглэхэд аюулгүй ажээ. Гэвч зарим хуучны сав суулгад кадми илэрдэг нь хортой элемэнтэд ордог тул улаан, шар, улбар шар өнгийн пааландсан сав суулгаас зайлсхийх нь зохистой. Мөн Мексик зэрэг өмнөд америкийн орнуудад (Хятад бодвол орж таарах биз) үйлдвэрлэсэн сав суулга дээрхи шаардлагыг хангаддаггүй тул болгоомжлох хэрэгтэй.

ШААЗАН сав суулга нь хоргүй боловч өнгөлсөн гялгар гадаргууд нь хар тугалга орсон байдаг тул хүнсний зориулалттай ваар шаазан сав суулгыг л хэрэглэх нь зөв юм.

ХУВАНЦАР сав суулга нь голдуу нэг удаагийн хэрэглээнд зориулсан байдаг бөгөөд богино долгионы зууханд халаах, халуун хоол хийх, савлах, удаан хугацаангаар хадгалах, нөөшлөх зэрэгт тохиромжгүй юм. Дотроо Microwave-safe буюу халаах зориулалтын, хүнсний зориулалтын, хүнсний бус зориулалтын гэсэн олон төрөл байх тул сонголт хийхдээ зааврыг сайтар уншиж авах, болж өгвөл байнга хэрэглэхээс зайлхийх нь зөв юм.

МОДОН БА ХУЛСАН аяга таваг, жигнүүр зэрэг нь аюулгүй бөгөөд байгаль орчинд хоргүй байдгаараа ач тустай ажээ.

Мөн хөөсөнцөр аяга тавгийг аль болох хоол хүнсэнд хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Monday, March 3, 2008

Америк орны нийгмийн өнөөгийн дүр зураг

ӨЛСГӨЛӨН БОЛООД ЯДУУРСАН АРД ОЛОН
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛьД САНАЛ ӨГӨХӨД БЭЛЭН
OHIO мужийн Логан хотын иргэн Стивен Клингэр өглөөний 4 цагт Хүнс Тараах орон нутгын цэгт ирж дугаарлажээ. Өглөө эртийн хүйтэн жаварт жиндүүхэн тул зэвэрч муудсан ачааны жижиг тэрэгнийхээ дотор хөнжлөөр биеэ ороон Хүнсний Цэг онгойтол 4 цаг хагас хүлээх явцад өмнөх 15 машинаа тоолохын зэрэгцээ араас нь ирж дугаарлах 200 гаруй тэргийг харж байлаа. Энэхүү Хүнс Тараах цэг дээр сард 2 удаа ирж лаазалсан болон хуурай савласан хүнстэй хайрцагийг олж авахын тулд ийнхүү өглөө эрт ирж дугаарладаг болжээ. Түүнийг ирэх тутамд дугаарлагчдын эгнээ уртассаар, түгээдэг хүнсний хэмжээ багассаар.
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн компанит ажлуудын амлалтад багтаагүй үлдсэн нь энэхүү мужийн ядран доройтож буй 1.5 сая ард иргэдийн амьдралын баталгаа байлаа. Охаёо мужийн Хүнсний Хангамжийн "2 дахь ургац" нэртэй нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Лиза Хамлэр-Фүгитт хэлэхдээ Улсын Яаралтай тусламжийн сүлжээ нь сүүлийн үед ихэсч буй хунсний хэрэгцээг давж дийлэхээргүй болж байна гэжээ. Хувийн болон төрийн байгууллагуудаас хандивладаг хүнсний эх үүсвэр буурч, дээр нь 11 сард л гэхэд Охаёо мужид 1.1 сая иргэд Хүнсний талон авсан нь уг мужын түүхэнд рекорд болжээ.
Орлого багатай иргэд урьд нь сонгуульд идэвхитэй оролцдоггүй байсан бол одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар анхаарч энэ нь тэдний амь амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар шаргуу ярилцдаг болжээ. Ихэнх нь Ардчилсан Намд, тэр тусмаа Барак Обама-д илүү найдлага тавиж байна. "Энэ бол 4 жилийн өмнөхөөс огт өөр цаг үе, би тэр үед улс төр огт сонирхдоггүй байсан одоо ч нэг их найдлага тавихгүй байна, гэхдээ бид хямралын (DEPRESSION) ирмэгт тулж ирсэн байна, хэн нэгэн өөрчлөлт хийх цаг болсон" гэж Бэтти Доудэн ярихдаа 18 жил унасан Бюйк-ЛеСабрэ машинийхаа арын суудалд унтаж буй 11 сартай хүүгээ дулаан байлгахын тулд цонхоо аль болох нээхгүйг хичээн товчхон хариуллаа.
Зэгэлдээх Атенс коунти (COUNTY- засаг захиргааны нэгж) -д хүн амын ядуурлын түвшин 30%-тай байгаа ба Гэр бүл, ажил эрхлэлтийн хэлтсийн дарга Жак Фреч хэлэхдээ сонгуулийн бүртгэлийн тоо урьдхаас даруй 4 дахин нэмэгдлээ гэжээ. Мөн тэрээр " Хүмүүс өнөөгийн энэхүү эрүүл мэндийн хамгаалалгүй байдал, шатахууны үнийн өсөлт, ажилгүйдэл, нийгмийн хамгааллын системийн доройтол болон дайны зардал чирэгдлийг Засгийн Газартай холбон үзэж байна. Хэрэв бид өөр хаа нэг улс оронд хүмүүс хоол хүнс олж авахын тулд 5 цаг дугаарлаж байна гэж сонсвол, /Америкчууд гэсэн урьдны нүдээр харвал/ тэднийг хүний эрхийг гажуудуулж байна гэж шүүмжлэх байсан шүү дээ." гэж ярилаа.
Ажилчин Анги өндийж улс төрийн шинэчлэл хийхнэ гэж хэлэх ч арай юу юм, гэхдээ л бага орлоготой ядуу давхаргын сонгогчид Сонгуулид Өрсөлдөгчдийн амлалт болон эдийн засгийн хүнд байдлын улмаас идэвхижиж байгаа нь сонгуулийн компанит ажлын урьдчилж хараагүй цоо шинэ эргэлт болж байна.
Логан хотын Хүнсний Агуулах нь мужийн хэмжээний хамгийн ядуу 10 Kоунти-г хүнсээр хангaдаг бөгөөд Кристмас-ын дараа тараах хүнсгүй болсны улмаас бүтэн сар хаагаад сарын өмнө дахин нээсэн хэдий ч хандивын хүнсний хэмжээ бага тул нөөц нь сайнгүй байна. Үүний улмаас хүмүүс хар үүрээр ирж сайн хэмнэвэл 7-10 хоног хүрэлцэж болохуйц лаазтай болон савлаж ууталсан хүнс бүхий хайрцагийг олж авахын төлөө оочерлодог байна. Хүнс Түгээх Цэг онгойхоос өмнө ихэнх хүмүүс машинаа асаалгүй хүлээдэг боловч хасах градуст дулаацахын тулд бага багаар асаах хэдий ч шатахууны үнэ 1 галлон нь $3.15 тул хэмнэх шаардлага гарна (1 галлон -3.78 литр).
Тэтгэвэрт гарсан орон нутгийн төрийн байгууллагын ажилтан Франклин Уэлч хэлэхдээ: " Би урьд нь өөрийгөө Ардчилсан Намын гишүүн гэдгээ хүнд хэлдэггүй байсан бол одоо хүн болгонд яриж байна, энд цагийн 5-6 $ -ийн ажил хийдэг улс эрүүл мэндийн даатгал хийлгэж дийлэхгүй байна." гэв. Өөр нэгэн иргэн хэлэхдээ бид дундаж орлоготой дундаж иргэн байхаа болин ядуурлын эгнээнд шилжлээ гэв.
Энд хүнс авахаар ирдэг тогтмол 750 гаруй хүмүүсийн 60% нь өндөр настнууд бөгөөд сүүлийн үед ихээр нэмэгдэж буй хэсэг нь үйлдвэр бизнесүүд хаагдсанаас болон цомхотголд орсноос ажилгүй болсон иргэд, мөн бага хөлсний ажил хийдэг Стевэн Клингер мэтийн- цагийн $5.85-ийн хөлстэй сав угаагч мэт ядуу ажилчид 7 хоногт 30 цагийн ажил хийж $175 -ийн цалин авч байгаа нь хаанаа ч хүрэхгүй байгаа юм гэж тус цэгийг сүүлийн 6 жилд ажиллуулж буй тэтгэвэртээ суусан ахмад бизнесмен 81 настай Данни ДеВол ярьж байна. Мөн тэрээр "ихэнх хүмүүс талх, хэдэн лааз лууван, вандуй, эрдэнэшиш, болон лаазалсан жимс авдаг юм, энэ олон цаг хүлээсний эцэст иймхэн хүнс хүртэж байгаад би их сэтгэл зовдог" гэж санаа алдан хэллээ.

Chicago Tribune March 3, 2008
Correspondent Tim Jones