Friday, March 28, 2008

"Дэлхийн цаг" тэмдэглэх тухай

3 сарын 29-ний Бямба гаригийн оройн 8 цагт дэлхий даяар 1 цаг гэрлээ унтрааж "Дэлхийн цаг"-ийг тэмдэглэх гэж байна. Энэ нь Дэлхийн байгаль орчныг хамгаалах олон улсын байгууллагаас дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдлыг бүх хүмүүст анхааруулж, үүний эсрэг нэгдмэл хүчээр тэмцэх зорилгоор зохион байгуулж байгаа арга хэмжээ ажээ.
Уг хөдөлгөөн нь өнгөрсөн жил Австрали улсын Сидней хотын иргэдийг гэрэл цахилгаанаа 1 цагийн турш унтраахыг санал болгосноор эхэлсэн бөгөөд 2007 оны 3 сарын 31-нд уг хотын 2100 гаруй бизнес, 2,2 сая иргэд гэрлээ унтрааж идэвхитэй дэмжсэн байна. Тэр бүү хэл уг хотын бэлэг тэмдэг болох Харбор Гүүр болон Сиднейн Дуурийн Театр хүртэл гэрэл чимэглэлээ унтрааж харанхуй болсон байна.
Олонхи улс орнууд, томоохон хотууд цахилгаан эрчим хүчээ нүүрсээр ажилладаг Цахилгаан станцуудаас авдаг нь агаарыг бохирдуулах үндэс болдог бөгөөд хэрэв дээрхи 1 цагийн хэмнэлтийг бүтэн жилийн хугацаанд баривал тэр нь 48616 машиныг зогсоосонтой тэнцэх хэмжээний бохирдлыг бууруулах үр дүнтэй байх юм гэж дүгнэжээ.
Уг арга хэмжээ энэ жил өргөжин олон улс орнууд оролцохоор нэгдсэний дотор АНУ, Канад, Дани, Израйл, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг орнууд орж байна. Чикаго хот тэргүүлсэн Америкийн хотуудын дотор Атланта, Финекс, Сан Франциско хотууд санал нэгдэн оролцож байна. Иргэд хувь хүмүүс уг Earth Hour website-д бүртгүүлж энэхүү дэлхий нийтийг түгшээж буй дулаарал, агаарын бохирдлыг бууруулах хөдөлгөөнд гар бие оролцох бололцоотой юм. Одоогоор 240 мянган хүн оролцохоо илэрхийлэн бүртгүүлээд байгаа бөгөөд үүний дотор Дуучин Нелли Фуртадо, Fall Out Boy хамтлаг, болон Phoenix Suns, Chicago Cubs багууд оржээ.

Амьсгалах агаар, амьдрах дэлхийгээ хамгаалцгаая!

http://www8.earthhourus.org/

Tuesday, March 11, 2008

Hate groups, crimes up

ИЛТГЭЛ : ҮЗЭН ЯДАГЧ БҮЛГҮҮД , ГЭМТ ХЭРЭГ ӨСЧ БАЙНА

NEW YORK - Цагаачлалыг эсэргүүцсэн үзэл бодол нь улс орон даяар Үзэн ядагч бүлгүүдийн тоо нэмэгдэхэд хүргэж, Латино голдуу цагаач иргэдийн эсрэг гэмт хэргийн хэмжээ ихсэхэд нөлөөлж байна гэж ажиглагчдын групп мэдээлжээ.
Өмнөд мужуудын ядуурлын эсрэг Хуулийн Төв нь "Үзэн ядалтын жил" нэртэй илтгэлдээ 2000 онд 602, 2006 онд 844 байсан үзэн ядагч бүлгүүдийн тоо өнөөдөр 888 болоод байна гэж тэмдэглэжээ. Энэ жагсаалтанд нэмэгдсэн байгууллага бүлгүүдээс хамгийн томоохон нь болох FAIR буюу Америкийн Цагаачлалын Шинэчлэлийн Холбоо нь үзэн ядагч нэр зүүлгэсэнд дургүйцэж дээрхи Хуулийн Төв нь цагаачлалын талаарх хууль ёсны зөрөлдөөнийг мухардуулах зорилгоор болхи арга барил хэрэглэж байна хэмээн эсэргүүцсэн байна. Уг төвийн лоозун "Үзэн ядалтыг зогсооё!" биш "Зөрөлдөөнийг зогсооё!" гэсэн утга агуулж байна гэж FAIR -ийн тэргүүлэгч Дан Стейн хэлжээ.
Уг илтгэлд цагаачлалын эсрэг хөдөлгөөн ба үзэн ядагч гэмт хэргийн өсөлт хоорондын хамаарлыг Мөрдөх Товчооны тоо баримтаар тодотгож 2006 онд латино иргэдийн эсрэг гэмт хэргийн золиос болсон хүмүүсийн тоо 819-д хүрсэн нь 2003 онд 595 байснаас ихээхэн өссөнийг тэмдэглэжээ.
"Цагаачлалын маргаан, санал зөрөлдөөн таагүй үр дүн дагуулж цагаан арьстныг дээдлэх үзэн ядагч бүлгийн тоо өсч Латино иргэдийн эсрэг гэмт хэргийн тоо нэмэгдэхэд хүргэлээ" гэж уг Төвийн захирал Марк Поток хэлжээ.
Үүний зэрэгцээ хөндлөнгийн шүүмжлэгчид уг төвийн илтгэл дэхь тоо хэмжээ нь интернет чат , вебсайт төдийгөөс хэтрэхгүй хувь хүмүүсийг оруулж өсгөсөн тоо бөгөөд олон нийтэд учруулах аюулыг хөөргөдүүлсэн байна гэжээ.
Цагаачлалын Шинэчлэлийн Холбоо нь Хууль бус цагаачлалыг төгсгөл болгох, хууль ёсны цагаачлалд хатуу хяналт тогтоох чиг шугам баримталдаг бөгөөд өөрийн бодлогодоо "аливаа хувь хүний эсрэг шашин шүтлэг, арьсны өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах болон нэгийг нөгөөгөөс дээгүүр тавих бодлого явуулахгүй" гэж тусгасан байна.
Өмнөд мужуудын ядуурлын эсрэг Хуулийн Төв хариу болгосон тайлбартаа Цагаачлалын шинэчлэлийн Холбоог үзэн ядагч бүлгийн тоонд оруулахдаа уг төвийн 30-аад жилийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан, үүсгэн байгуулалцсан олон хүмүүсийн үзэл санаан дээр үндэслэсэн юм гэжээ.

Chicago Tribune March 10, 2008
David Crary

Wednesday, March 5, 2008

Эрүүл аж төрөх - хэрэглээний соёл

ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ БАГАТАЙ ГАЛ ТОГООНЫ САВ СУУЛГА

Сүүлийн үед үйдвэрлэлд нэвтэрч буй олон төрлийн технологиос хоол унд, эрүүл ахуйн хэрэглээгээр дамжин хүний биед хортой нөлөөлөл үзүүлэх химийн бодисууд илэрч анхаарал татсаар байна. Үүний нэг нь Гал тогооны сав суулганы аюулгүй технологи юм.
Бидний өдөр тутмын хэрэгцээ болсон гал тогооны сав суулгыг төрөл бүрийн материалаар, олон янзын арга технологиор хийж байгаагаас дараахи төрлүүдийг авч үзэе.

ХӨНГӨН ЦАГААН сав суулга нь хөнгөн авсаархан, хямд, амархан халдаг, түргэн буцалдаг гэх мэт давуу талтай хэдий ч халалтын явцад хоол хүнсний зүйл нь металтай урвалд орж хөнгөн цагааны давсыг үүсгэх ба энэ нь харааны согог болон Аlzheimer's гэж нэрлэдэг тархины санах байгууламжийн согог өвчнүүдийн эх үүсвэр болдог хэмээн үзэж, батлах нотлох тал дээр маргаантай хэвээр байна. Нийт гал тогооны хэрэгслийн талаас илүү нь хөнгөн цагаан материалаар хийгдэж байна.
Зөвлөмж: - зөвхөн шинэ ба шинэвтэр хөнгөн цагаан сав суулгыг хэрэглэх; хуучирч хонхойж гүдийсэн элэгдсэн байх тусмаа металын найрлага хоол хүнстэй холилдох аюултай байдаг байна. - хөнгөн цагаан сав суулганд хоол хүнсийг хадгалж нөөцлөхгүй байх; - хүчиллэг ихтэй хүнсний зүйлийг чанаж болгохоос зайлсхийх; улаан лоолийн нухаш дарш, нимбэг, давсалсан байцаа зэрэг давс, хүчил ихтэй хүнс нь металтай исэлдэх нь түргэн байдаг байна.

АНОДЖУУЛСАН ХӨНГӨН ЦАГААН нь хөнгөн цагааны хүчил үүсгэх замаар хатууруулж гаргаж авсан өнгөлгөөгөөр гадаргыг нь бүрж хамгаалсан байна. Calphalon гэсэн нэрээр худалдаанд байдаг энэ сав суулгууд нь сүүлийн үед ямар ч төрлийн хоол унд чанаж болгоход тохиромжтой, хор нөлөөгүй гэж тооцогдож байна.

ГАН (Stainless steel) буюу бидний нэрлэж заншсанаар никел сав суулга нь ганг хром ба никелтэй хольж зэврэхээс хамгаалсан гялгар хатуу гадаргатай метал болгон хийсэн бөгөөд хэрэглэхэд тохиромжтой аюулгүйд тооцогдож байна.
Зөвлөмж: төмөрлөг үстэй ширүүн сойз мэт хурц ирмэгтэй зүйлээр цэвэрлэж болохгүй, энэ нь гадаргууг нь гэмтээж хром, никелийн үртэс хоол хүнсэнд орохог хүргэх талтай. Никелээс харшил өгдөг бол мөн энэ савыг хэрэглэхгүй байх нь чухал.

ЗЭС сав суулга нь ган болон өөр ямар нэг гадаргуугаар өнгөлөгдсөн байдаг ба энэ нь зэсийн хольц хоол унданд орохоос сэргийлсэн хэрэг юм. (Манайхны зэс аяга, сав суулга сайн, зэс идэж байх нь тустай гэдэг ойлголт буруу байх нээ?)
Зөвлөмж: - Хүчиллэг, исгэлэн хоол хүнсийг удаан хадгахгүй байх; - хурц үзүүртэй ширүүн сойзоор үрж цэвэрлэхгүй байх; - өнгөлж бүрээгүй зэс сав суулга хэрэглэхгүй байх; - Никелээс харшил өгдөг бол мөн энэ савыг хэрэглэхгүй байх нь чухал.

TEFLON буюу наалддаггүй дотортой сав суулга нь хар бараан давхаргаар өнгөлөгдсөн байх ба яваандаа зурагдах буюу ховхорч эхэлдэг, ингэснээр химийн хорт бодис бүхий үртэс хоол хүнсэнд орж эрүүл мэндэд муугаар нөлөөлөх талтай. Мөн их өндөр температурт халаахад тэрхүү гадаргуу нь хортой утааг ялгаруулдаг бөгөөд энэ утаанд ойр байсан тоть шувуу хордож үхэж байжээ, тэхээр энэ нь хүний эрүүл мэндэд мөн хортой болох нь гарцаагуй юм. Канадын хуулиар энэ төрлийн сав суулгыг үйлдвэрлэх, худалдаалахыг хоригложээ.

ШИРМЭН сав суулга нь хүнд, зузаан бөгөөд цахилгаан илүү зарцуулах боловч хамгийн аюулгүйд тооцогджээ. Энэ нь мөн хүний биед хэрэгтэй төмрийг хоол хүнсээр дамжуулан авахад тустай байна.
Зөвлөмж: - зэврэхээс хамгаалахын тулд цэвэрлэсний дараа цэвэр ургамлын тосоор тосолж өгнө; - элдэв химийн найрлагатай цэвэрлэгч хэрэглэхгүй, хурц үзүүртэй зүйлээр ширүүн үрэхгүй байх; - угаасны дараа хуурай болтол нь арчаад тослож тавих;

CERAMIC and ENAMELED буюу бидний хэлж заншсанаар Паалантай сав суулга нь хуучирч ховхроогүй, сэвгүй бол хэрэглэхэд аюулгүй ажээ. Гэвч зарим хуучны сав суулгад кадми илэрдэг нь хортой элемэнтэд ордог тул улаан, шар, улбар шар өнгийн пааландсан сав суулгаас зайлсхийх нь зохистой. Мөн Мексик зэрэг өмнөд америкийн орнуудад (Хятад бодвол орж таарах биз) үйлдвэрлэсэн сав суулга дээрхи шаардлагыг хангаддаггүй тул болгоомжлох хэрэгтэй.

ШААЗАН сав суулга нь хоргүй боловч өнгөлсөн гялгар гадаргууд нь хар тугалга орсон байдаг тул хүнсний зориулалттай ваар шаазан сав суулгыг л хэрэглэх нь зөв юм.

ХУВАНЦАР сав суулга нь голдуу нэг удаагийн хэрэглээнд зориулсан байдаг бөгөөд богино долгионы зууханд халаах, халуун хоол хийх, савлах, удаан хугацаангаар хадгалах, нөөшлөх зэрэгт тохиромжгүй юм. Дотроо Microwave-safe буюу халаах зориулалтын, хүнсний зориулалтын, хүнсний бус зориулалтын гэсэн олон төрөл байх тул сонголт хийхдээ зааврыг сайтар уншиж авах, болж өгвөл байнга хэрэглэхээс зайлхийх нь зөв юм.

МОДОН БА ХУЛСАН аяга таваг, жигнүүр зэрэг нь аюулгүй бөгөөд байгаль орчинд хоргүй байдгаараа ач тустай ажээ.

Мөн хөөсөнцөр аяга тавгийг аль болох хоол хүнсэнд хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Monday, March 3, 2008

Америк орны нийгмийн өнөөгийн дүр зураг

ӨЛСГӨЛӨН БОЛООД ЯДУУРСАН АРД ОЛОН
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛьД САНАЛ ӨГӨХӨД БЭЛЭН
OHIO мужийн Логан хотын иргэн Стивен Клингэр өглөөний 4 цагт Хүнс Тараах орон нутгын цэгт ирж дугаарлажээ. Өглөө эртийн хүйтэн жаварт жиндүүхэн тул зэвэрч муудсан ачааны жижиг тэрэгнийхээ дотор хөнжлөөр биеэ ороон Хүнсний Цэг онгойтол 4 цаг хагас хүлээх явцад өмнөх 15 машинаа тоолохын зэрэгцээ араас нь ирж дугаарлах 200 гаруй тэргийг харж байлаа. Энэхүү Хүнс Тараах цэг дээр сард 2 удаа ирж лаазалсан болон хуурай савласан хүнстэй хайрцагийг олж авахын тулд ийнхүү өглөө эрт ирж дугаарладаг болжээ. Түүнийг ирэх тутамд дугаарлагчдын эгнээ уртассаар, түгээдэг хүнсний хэмжээ багассаар.
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн компанит ажлуудын амлалтад багтаагүй үлдсэн нь энэхүү мужийн ядран доройтож буй 1.5 сая ард иргэдийн амьдралын баталгаа байлаа. Охаёо мужийн Хүнсний Хангамжийн "2 дахь ургац" нэртэй нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Лиза Хамлэр-Фүгитт хэлэхдээ Улсын Яаралтай тусламжийн сүлжээ нь сүүлийн үед ихэсч буй хунсний хэрэгцээг давж дийлэхээргүй болж байна гэжээ. Хувийн болон төрийн байгууллагуудаас хандивладаг хүнсний эх үүсвэр буурч, дээр нь 11 сард л гэхэд Охаёо мужид 1.1 сая иргэд Хүнсний талон авсан нь уг мужын түүхэнд рекорд болжээ.
Орлого багатай иргэд урьд нь сонгуульд идэвхитэй оролцдоггүй байсан бол одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар анхаарч энэ нь тэдний амь амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар шаргуу ярилцдаг болжээ. Ихэнх нь Ардчилсан Намд, тэр тусмаа Барак Обама-д илүү найдлага тавиж байна. "Энэ бол 4 жилийн өмнөхөөс огт өөр цаг үе, би тэр үед улс төр огт сонирхдоггүй байсан одоо ч нэг их найдлага тавихгүй байна, гэхдээ бид хямралын (DEPRESSION) ирмэгт тулж ирсэн байна, хэн нэгэн өөрчлөлт хийх цаг болсон" гэж Бэтти Доудэн ярихдаа 18 жил унасан Бюйк-ЛеСабрэ машинийхаа арын суудалд унтаж буй 11 сартай хүүгээ дулаан байлгахын тулд цонхоо аль болох нээхгүйг хичээн товчхон хариуллаа.
Зэгэлдээх Атенс коунти (COUNTY- засаг захиргааны нэгж) -д хүн амын ядуурлын түвшин 30%-тай байгаа ба Гэр бүл, ажил эрхлэлтийн хэлтсийн дарга Жак Фреч хэлэхдээ сонгуулийн бүртгэлийн тоо урьдхаас даруй 4 дахин нэмэгдлээ гэжээ. Мөн тэрээр " Хүмүүс өнөөгийн энэхүү эрүүл мэндийн хамгаалалгүй байдал, шатахууны үнийн өсөлт, ажилгүйдэл, нийгмийн хамгааллын системийн доройтол болон дайны зардал чирэгдлийг Засгийн Газартай холбон үзэж байна. Хэрэв бид өөр хаа нэг улс оронд хүмүүс хоол хүнс олж авахын тулд 5 цаг дугаарлаж байна гэж сонсвол, /Америкчууд гэсэн урьдны нүдээр харвал/ тэднийг хүний эрхийг гажуудуулж байна гэж шүүмжлэх байсан шүү дээ." гэж ярилаа.
Ажилчин Анги өндийж улс төрийн шинэчлэл хийхнэ гэж хэлэх ч арай юу юм, гэхдээ л бага орлоготой ядуу давхаргын сонгогчид Сонгуулид Өрсөлдөгчдийн амлалт болон эдийн засгийн хүнд байдлын улмаас идэвхижиж байгаа нь сонгуулийн компанит ажлын урьдчилж хараагүй цоо шинэ эргэлт болж байна.
Логан хотын Хүнсний Агуулах нь мужийн хэмжээний хамгийн ядуу 10 Kоунти-г хүнсээр хангaдаг бөгөөд Кристмас-ын дараа тараах хүнсгүй болсны улмаас бүтэн сар хаагаад сарын өмнө дахин нээсэн хэдий ч хандивын хүнсний хэмжээ бага тул нөөц нь сайнгүй байна. Үүний улмаас хүмүүс хар үүрээр ирж сайн хэмнэвэл 7-10 хоног хүрэлцэж болохуйц лаазтай болон савлаж ууталсан хүнс бүхий хайрцагийг олж авахын төлөө оочерлодог байна. Хүнс Түгээх Цэг онгойхоос өмнө ихэнх хүмүүс машинаа асаалгүй хүлээдэг боловч хасах градуст дулаацахын тулд бага багаар асаах хэдий ч шатахууны үнэ 1 галлон нь $3.15 тул хэмнэх шаардлага гарна (1 галлон -3.78 литр).
Тэтгэвэрт гарсан орон нутгийн төрийн байгууллагын ажилтан Франклин Уэлч хэлэхдээ: " Би урьд нь өөрийгөө Ардчилсан Намын гишүүн гэдгээ хүнд хэлдэггүй байсан бол одоо хүн болгонд яриж байна, энд цагийн 5-6 $ -ийн ажил хийдэг улс эрүүл мэндийн даатгал хийлгэж дийлэхгүй байна." гэв. Өөр нэгэн иргэн хэлэхдээ бид дундаж орлоготой дундаж иргэн байхаа болин ядуурлын эгнээнд шилжлээ гэв.
Энд хүнс авахаар ирдэг тогтмол 750 гаруй хүмүүсийн 60% нь өндөр настнууд бөгөөд сүүлийн үед ихээр нэмэгдэж буй хэсэг нь үйлдвэр бизнесүүд хаагдсанаас болон цомхотголд орсноос ажилгүй болсон иргэд, мөн бага хөлсний ажил хийдэг Стевэн Клингер мэтийн- цагийн $5.85-ийн хөлстэй сав угаагч мэт ядуу ажилчид 7 хоногт 30 цагийн ажил хийж $175 -ийн цалин авч байгаа нь хаанаа ч хүрэхгүй байгаа юм гэж тус цэгийг сүүлийн 6 жилд ажиллуулж буй тэтгэвэртээ суусан ахмад бизнесмен 81 настай Данни ДеВол ярьж байна. Мөн тэрээр "ихэнх хүмүүс талх, хэдэн лааз лууван, вандуй, эрдэнэшиш, болон лаазалсан жимс авдаг юм, энэ олон цаг хүлээсний эцэст иймхэн хүнс хүртэж байгаад би их сэтгэл зовдог" гэж санаа алдан хэллээ.

Chicago Tribune March 3, 2008
Correspondent Tim Jones

Chicago tax

Чикаго-ийн худалдааны татвар ихсэх нь.

Cook County - Куук Коунти-ийн Захиргааны Ерөнхийлөгч Тодд Строгерын худалдааны татвар болон машины зогсоолын татварыг 2 дахин нэмэгдүүлэх төсөвийн төсөл батлагдлаа. Ингэснээр Чикаго хот орчмын худалдааны татвар 10.25% болж Амэрикийн том хотуудаас хамгийн дээгүүрт орж байна. Худалдааны татварын өсөлт нь жилийн $426 саяыг, машины зогсоолын такс өсөлт нь 30 гаруй сая долларын орлогыг оруулах ба үүний үр дүнд Строгер 1000 гаруй ажиллагсдыг ажилд авах, төсвийн 234 сая долларын алдагдлаа нөхөх мөнгөтэй болох юм. Эхлээд түүний энэ төсөл нь олонхийн саналыг авч чадахгүй байсан боловч Коок Коунти Эрүүл мэндийн Тасгийг 3 жилийн хугацаанд гадны удирдлагад өгөх хэлэлцээр хийснээр 1 санал илүү авч чаджээ. Олонхи бизнес группууд түүнд татварыг нэмэгдүүлэх нь бизнесүүд Чикаго хотоос дүрвэх, тэр хэмжээгээр ажлын байрнууд цөөрөх эх сурвалж болно хэмээн анхааруулсаар байсан бөгөөд Чикаго хот орчмыг бүхэлд нь хамардаг Куук Коунти-н татвар төлөгч иргэдийн хувьд энэ өдөр нь эмгэнэлтэй өдөр боллоо хэмээн уг Коунтийн Тэргүүлэгч гишүүдийн нэг Тони Пэрайка хэлжээ.

Энэ хүү татварын өсөлт нь саяхны батлагдсан Хотын Тээврийн (CTA) үнийн өсөлтөөс даруй 4 дахин их байгаа бөгөөд хамгийн харамсалтай нь энэ бодлогыг дагалдсан ямар нэгэн шинэчлэлийн болон санхүү эдийн засгийн ирээдүйтэй төсөл, төлөвлөгөө байхгүй байгаа нь иргэдийг хилэгнүүлж байна. Энэ өндөр хэмжээний татварын бодлого нь Чикаго хотыг хамгийн өндөр үнэтэй хот болгосноор эдийн засгийн зогсонги байдалд ороод байгаа Америк орны өнөөгийн нөхцөл байдалд бизнесийн өрсөлдөөнд байр сууриа алдах аюулд учруулах юм. Өнгөрсөн 7-р сард Строгер Куук Коунти-ийн ажилчдын цалинг 5% нэмэгдүүлэхээр амласан нь 2008 оны төсөвт 113 сая долларын нэмэлт төсөв шаардахад хүргэсэн юм. Цалинг нэмэгдүүлэх тухай ярих нь татварыг нэмэгдүүлэх тухай ярихгүйгээр шийдэгдэхгүй болохыг ойлгох хэрэгтэй гэж тэрээр хэлж байжээ.

Chicago Tribune, March 2, 2008